Та өөрийгөө товч танилцуулаач.

Намайг Куон У Мүнн гэдэг. Монгол Улсад 1995 онд гэр бүлийн хамт МУИС-д суралцахаар ирсэн. 2002 онд Монгол Олон Улсын Их сургуулийг (Эм Ай Ю) байгуулаад одоо Захирлаар нь ажиллаж байна.  

Та багадаа ямар хүүхэд байсан бэ? Таны хувь хүний хөгжилд юу хамгийн их нөлөөлсөн бэ?  

Би багаасаа сурах чин хүсэлтэй, хичээлээ маш хийдэг хүүхэд байсан. Энэ нь миний 7 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд, айлын ганц хүү болж хөдөө тариачин айлд төрж өссөнөөс, мөн тухайн үеийн нийгэм, гэр бүл, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан байх. Бид их олуулаа өссөн учраас байгаа юмаа хоорондоо хуваалцдаг, олон зүйлсийг хамтдаа хийдэг байж билээ. Эдгээр нь миний өнөөдрийн хувь хүний хөгжилд маш их нөлөөтэй. 

Та сургуулийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлуудаасаа танилцуулаач.

Миний бодлоор дунд, ахлах сургууль болон их дээд сургууль хоорондоо ялгаатай. Дунд сургуулийн хувьд сурагчдын идэвх оролцоог дэмжиж, мэдлэг олгон, дээд боловсролд шаардагдах үндсэн суурийг нь тавьж өгдөг. Иймээс дунд сургуулиудын хувьд суурь боловсролыг маш сайн эзэмшүүлэх, хүмүүжлийн ажилд оролцоотой байлгах болон сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх гэсэн гурвал зорилгод тулгуурладаг гэж боддог. Их сургуулиуд харин оюутнуудыг ирээдүйн боловсон хүчин болоход хувь нэмэр оруулна. Манай сургууль хөтөлбөрөө англи хэл дээр явуулдаг тул оюутнууд мэргэжил эзэмшихээс гадна англи хэлтэй болж төгссөнөөр ямар ч улсын хүмүүстэй харилцаж чадахаас гадна гадаадад ажиллах нөхцөл боломж нь илүү нээлттэй болдог. Чанартай боловсрол гэдэг нь ирээдүйн баталгаа бөгөөд хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө ажиллах утга учиртай зүйл юм.  

Манай сургууль 2022 он хүртэл зөвхөн сургалтын чанар, чадварлаг багш болон оюутны элсэлтэд их анхаарч ажилладаг байсан. Харин 2023 оноос хойш нийгэмдээ сайн сайхныг түгээж, нийгмийн үйлчлэлд хувьд нэмэр оруулъя гэж шийдэн Нийгмийн хариуцлагын хороог байгуулж ажиллаж эхэлсэн. Манай сургуульд орон нутгаас ирж суралцдаг оюутнууд олон байдаг учраас бид тэдэнд түлхүү боломжийг нээж өгөх болон сургалтын төлбөрийн уян хатан байдал, тэтгэлэг зэргээр дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байна.  

Танай байгууллага яагаад Дэлхийн Зөн Монгол ОУБ-ыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах байгууллагаараа сонгосон бэ?

Манай эцэг эх санхүүгийн боломжгүйгээс болж ах, эгч нар маань их, дээд сургуульд сураагүй. Дунд сургуульд байхдаа би Сөүл хотод очиж сурмаар байна гэх үед аав маань яагаад гэдгээ ч тайлбарлаж өгөлгүй зүгээр л “тийм боломж байхгүй байна” гэсэн тул би Сөүлд сурах боломжгүй болж хөдөө дунд, ахлах сургуулиа төгссөн. Гэсэн хэдий ч тэр үед манай гэр бүлээс гадна надад тусалж, намайг гэдэг өөр маш олон хүмүүс байсан учраас би гэр бүлээсээ ганцаархнаа их сургууль төгсөж чадсан. Тэр үеийн надтай яг адилхан нөхцөлд байгаа хүүхдүүдийн сайн сайхны төлөө Дэлхийн Зөн Монгол ОУБ ажилладаг гэдгийг маш сайн мэддэг учраас хамтран ажиллахаар шийдсэн. Биднийг хөдөө, орон нутаг, хотын захын хорооллын хүүхдүүдэд хүрч ажиллахад Дэлхийн Зөн Монгол ОУБ маш том дэм үзүүлэн ажиллах боломжтой гэж харсан. Өнөөдөр захын гэр хороололд амьдарч байгаа, хөдөө орон нутагт байгаа, хүнд нөхцөл байдалд амьдарч байгаа зэрэг нь хүүхдүүдийн буруу огт биш. Тиймээс хүүхдүүд хаана амьдарч байгаагаас үл хамааран бүгд тэгш эрхтэй байх хэрэгтэй. Гэр бүлийн нөхцөл нь хүнд ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй, хичээл зүтгэлтэй хүүхдүүдийг бид дэмжихийг хүссэн. Дээрээс нь манай хоёр байгууллагын хараа, зорилго яг таарч байгаа учраас хамтран тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  

Та энэ тэтгэлэгт хөтөлбөрийн үр өгөөжийг юу гэж харж байна вэ?

Бид эхний ээлжинд 10-н оюутныг 100% сургалтын төлбөрөөс чөлөөлөн, хоол, дотуур байрны дэмжлэг үзүүлэн сургаж байна. Эдгээр оюутнууд маань зөвхөн дээд боловсрол эзэмшээд зогсохгүй, англи хэлний ур чадварыг эзэмшин төгсөнө. Энэ нь тэднийг төгссөний дараа бие даан амьдралдаа амжилттай хөл тавих, олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой иргэн болоход чухал түлхэц болж байна. Өөрөөр хэлбэл их дээд сургуульд сурч, мэргэжилтэй болсон байхад ирээдүй нь баталгаатай болж байна гэсэн үг. Үүгээр зогсохгүй эдгээр хүүхдүүд сургуулиа төгсөөд ажилд орж, өөрсдийн гэр бүлд туслах, хувь нэмэр оруулах боломжтойгоос гадна, дүү нараа их дээд сургуульд суралцахад нь болон бусад олон зүйл дээр нь тусалж чадахуйц болох нь өнөөдрийн бидний хамтын ажиллагааны хамгийн гол үр өгөөж юм.  

Энэ хамтын ажиллагаа, тэтгэлэгт хөтөлбөрийг ҮР-тэй зүйрлэмээр санагддаг. Аливаа нэгэн мод, бут, цэцэг ургахад үрийг эхэлж тарьдаг, тэгээд усалж ургуулан цэцэглүүлдэг. Энэ үрийг тарьснаас хойш оюутнууд маань өсөж өндийн томоо мод болоод цэцэглээд, бүр жимсээ өгнө. Бидний хамтын ажиллагаа ийм л үнэ цэнтэй.  

Та бусад байгууллага, хувь хүмүүсийг хүүхдийн сайн сайхны төлөө хэрхэн уриалах вэ?

Яг үнэнийг хэлэхэд одоо суралцаж буй оюутнууд дээр нэмээд 10 оюутныг тэтгэлэгтэй сургамаар байгаа.  

“Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үг байдаг. Бид бусдаас авсан ивээл, ерөөлийг цааш нь дамжуулах, өгөх нь гайхалтай зүйл юм. Бид үргэлж бололцоотой болохоороо, илүү их мөнгөтэй болохоороо, илүү цаг завтай болохоороо хийе гэдэг. Гэтэл энэ тийм биш. Өнөөдөр бид хийх боломж, чадлаараа хийж эхлэх хэрэгтэй, өөрт байгаа боломжоороо хэрэгтэй үед нь, хэрэгтэй газарт нь, хэрэгтэй хүнд нь туслах л чухал байгаа юм.  

Тиймээс өөрт байгаа боломж бололцоогоороо дараа гэлгүй яг одоо хэн нэгний төлөө сайныг хийж эхлээрэй.  

Өнөөдөр бид хүүхдүүдэд хоол, хүнс өгч болох ч боловсрол бол чухал зүйл. Хүүхдүүдэд загас өгөхөөс илүү загас барих аргыг хамтдаа зааж өгцгөөе. Баярлалаа.