“АВРАГЧ МАЗААЛАЙ” ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫН ТАНХИМ НЭЭГДЛЭЭ

АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг" төсөл Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Аврагч мазаалай” аюулгүй амьдрах ухааны сургалтын танхимыг байгууллаа.

Энэхүү сургалтын танхим байгуулагдсанаар Дорнод аймгийн Чойбалсан хотын 18,000 хүүхэд багачууд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах ухаанд суралцаж, өөрийн сурсан мэдсэнээ эцэг эх, орон нутагтаа түгээх боломж бүрдлээ.

“Аврагч Мазаалай” сургалтын танхимын нээлтийн үйл ажиллагааны үеэр Дорнод аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, Дорнод аймгийн хэмжээнд байдаг 31,000 хүүхдүүдийг энэхүү сургалтын танхимаар дамжуулан аюулгүй амьдрах ухаанд сургахад онцгой анхаарч ажиллана хэмээн амлалт өглөө.