Алслагдмал сумдын хүүхдүүдийг гар утсаар хичээл үзэхэд нь туслана
Mobicom корпораци алслагдсан орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд хичээлээ тогтмол үзэх боломж олгож 48 сая төгрөгийн үнэ бүхий 71 ухаалаг утсыг манай COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх төсөлд хандивлалаа.

Аливаа төрлийн гамшгийн эрсдэлтэй, онцгой байдлын үед ч гэсэн боловсролын тасралтгүй байдлыг дэмжин, хүртээмжийг тогтвортой хадгалах нь маш чухал билээ.
Хөл хорионы энэ цаг үед 803 сургуулийн 593 мянган сурагчид интернет, телевиз ашиглан гэрээсээ хичээллэж байгаа. Үүнээс 328 мянга буюу нийт сурагчдын 55% нь хөдөө орон нутагт амьдардаг. Интернет орох боломжгүй, харилцаа холбоо сул хөгжсөн алслагдсан сум, багийн сурагчид интернетгүй дээр “Теле хичээл”-ийг тогтмол үзэж, суралцах боломж ч хомс байна.
Тэгвэл Mobicom корпораци алслагдсан орон нутагт амьдарч буй хүүхдэд хичээлээ тогтмол үзэх боломж олгож 48 сая төгрөгийн үнэ бүхий 71 ширхэг гар утсыг манай COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх төсөлд хандивлалаа.

“Бид COVID19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хөл хорьсон энэ үед харилцаа холбоо сул алслагдсан газар, интернетгүй орчинд суралцаж байгаа сурагчид, оюутан залуус утсан дээр суулгасан “Теле-хичээл”-ээ бүрэн эхээр нь үзэж хичээлийн хоцрогдолгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр утсыг хандивлаж байна” хэмээн Мобиком корпорацын удирдлагууд хэллээ.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам эдгээр утсанд теле хичээл суулгаснаар бид хамгийн алслагдмал сумдын хүүхдүүдэд хүргэх юм.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд гамшгийн үеийн боловсролын тогтвортой, хүртээмжтэй байдлыг хангаж, хүүхдүүд хаана, ямар нөхцөлд амьдарч буйгаас үл хамааран боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг олгохыг зорьж байна.
Бидний санаачлан хэрэгжүүлж буй Covid-19 хариу арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд нэгдэн, хүүхдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Mobicom корпорацын хамт олонд талархал илэрхийлье. Бид нэн хэрэгцээтэй хүүхдүүдэд нь хүргэх болно.
“Боловсрол бол дэлхийг өөрчлөхөд ашиглаж болох хамгийн хүчирхэг зэвсэг юм.” – Нельсон Мандела. Та ч мөн боловсролтой ирээдүйн төлөө бидэнтэй нэгдээрэй!