АНУ-ын ОУХА-ын Малын Эрүүл Мэндийн ахлах зөвлөх Кристин Жост Монголд ажиллаж байна

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ын (USAID) Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны (BHA) ХАА-ын салбарын Малын Эрүүл Мэндийн ахлах зөвлөх Кристин Жост Монгол улсад хүрэлцэн ирж Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн үйл ажиллагаатай танилцаж, 2022 оны 2-р сарын 24-ний өдрөөс 2022 оны 3-р сарын 24 өдөр хүртэл ажиллана.

Дэлхийн зөн Монгол ОУБ нь 2014 оноос хойш АНУ-ын ОУХА-ын Гадаад улс орнуудын гамшигт тусламж үзүүлэх товчоо болон Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчоо (ХТҮТ)-ны санхүүжилтээр Монгол улсын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон малын тэжээлийн ургамал тариалах боломжийг бүрдүүлж малчдын амьжиргааг хамгаалах замаар хөдөө аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах зорилго бүхий төслүүдийг хэрэгжүүлж нийт 2.7 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж ажилласан билээ.
Одоогоор бид 2020-2022 онд “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд мал эмнэлгийн салбар оролцооны аргаар малын халдварт өвчнийг тандан судлах Participatory Disease Surveillance (PDS) олон улсын аргачлалыг Монгол улсад нутагшуулахыг зорьж байна.
Ахлах зөвлөх Жост болон төслийн баг өнгөрсөн долоо хоногт баруун бүсийн төв болох Ховд аймагт болсон Оролцоот эпидемиологийн хэрэгжүүлэгч бэлтгэх 5 хоногийн сургалтад оролцож, мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд малын тэжээлийн ургамал тариалж буй малчдын бүлэгтэй уулзалт хийлээ.
Айлчлалын үеэр өмнө нь бэлтгэгдсэн Оролцоот эпидемиологийн хэрэгжүүлэгч нарын хийсэн ажилтай танилцаж, сүүлийн жилүүдэд хурдацтай тархаад байгаа малын өвчний тандалтыг хийхэд энэхүү аргачлалыг хэрхэн ашигласан байдал болоод цаашид Монгол улсад нутагшуулахад тулгарч буй бэрхшээлүүд болон холбогдох талуудыг судлах зорилгоор Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Ховд аймгийн Булган сумын Мал эмнэлгийн тасаг, нэгж болон Булган боомтын хилийн хяналтын газрын удирдлагууд, мэргэжилтнүүд болон малчидтай уулзалт хийж санал солилцлоо.