Бяцхан хүмүүнлэгийн үйлстэн
Манай Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг 13 настай Л.Анударь охин өөрөө санаачлан маск оёод үе тэнгийн найзуудад маань өгөөрэй гэж Дэлхийн Зөнгийн ах эгч нартаа бэлэглэжээ.

Манай Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг 13 настай Л.Анударь охин өөрөө санаачлан маск оёод үе тэнгийн найзуудад маань өгөөрэй гэж Дэлхийн Зөнгийн ах эгч нартаа бэлэглэжээ.
Анх тэр хөл хориотой үед цагийг үр бүтээлтэй өнгөрөөе, маск авч чадахгүй байгаа найз нартаа тусалъя гэж бодоод оёдолчин эмээдээ өөрийн санаагаа хэлэхэд түүнийг маш сайн ойлгож, дэмжин маск оёх материал өгч, эсгүүрийг нь гарган, яаж оёхыг нь зааж өгчээ.
Л.Анударь хэлэхдээ “COVID-19 вирус олон хүний амь насыг үгүй хийж байгаад сэтгэл их түгшиж байна. Монгол хүүхдүүд, том хүмүүс битгий өвдөөсэй, мөн найзууддаа хандаж маскаа сайн зүүгээд, гараа сайн угаагаарай гэж хэлмээр байна.” гэлээ

Тэрээр Говь-Алтай аймгийн нэгэн сургуульд 8-р ангид сурдаг. Ам бүл зургуулаа аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг, сургуулиа төгсөөд хүнд тусалдаг, хүүхдүүдэд юм оёхыг заадаг багш болохыг мөрөөддөг гэнэ.
Дэлхий даяар хил хягааргүй тархаад байгаа аюулт өвчнөөс үе тэнгийн найзуудаа хамгаалахыг хүсч, өөрийн гараар хийсэн маскаа тэрээр аймагтаа байдаг хүмүүнлэгийн байгууллага болох Дэлхийн Зөн болон Улаан загалмай байгууллагуудад хандивласан нь энэ ажээ.
“Манай орон нутгийн хөтөлбөрт хамрагддаг Л.Анударь охин маань хөл хорионы үеэр өөрийн сонирхолоороо маск оёж бидэнд 50 ширхэгийг бэлэглэж орон нутгийнхаа хэрэгцээнд хувь нэмэр оруулж байгаа нь бидний ажилд маш их урам өглөө. Анударьдаа баярлалаа.” хэмээн Дэлхийн Зөн ОУБ-ын Говь-Алтайн хөтөлбөрийн менежер Т.Наранчимэг хэлсэн юм.
