Гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн хариу арга хэмжээний олон улсын стандартыг таниулах сургалт зохион байгуулагдлаа

Гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн хариу арга хэмжээний олон улсын стандартыг таниулах зорилго бүхий үндэсний түвшинд чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн нэг үндсэн чиглэл нь Монгол Улсын гамшгийн менежментийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлого төлөвлөлтийг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах юм.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хоорондын 2021-2023 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн түвшинд тохиолдсон гамшгийн үед хариу арга хэмжээ авах олон улсын стандартыг таниулах сургалтыг зохион байгуулахаар тусгагдсан.
Энэ хүрээнд Дэлхийн зөн Монгол ОУБ нь Онцгой байдлын ерөнхий газар, Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтран "Гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн хариу арга хэмжээний олон улсын стандартыг таниулах" сургалтыг 2022 оны 5-р сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар дамжуулан гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн хариу арга хэмжээний чанар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхийг зорьж, энэ чиглэлээр Монгол улсад болон олон улсад дагаж мөрддөг жишиг стандартуудыг Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн холбогдох удирдах албан тушаалтнуудад таниуллаа.
