“Гэрээр айлчлагч” хөтөлбөрийн чиглүүлэгч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

“Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслөөс хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, эдгээр үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, салбар дундын уялдаа холбоог хангах, сайжруулах зорилго бүхий “Гэрээр Айлчлагч” олон улсын хөтөлбөрийн чиглүүлэгчийн ээлжит сургалт 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Төслийг АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэй Дэлхийн Зөн Монгол ОУБ хэрэгжүүлж байна.

Сургалтад БЗД, СХД, ЧД, СБД, БГД-ийн мэргэжилтнүүд, Нийслэлийн ГБХЗХГ, Лантуун Дохио, Монголын Скаутын Холбоо, Монголын Сайн Дурынхны Төв, Боловсрол Ирээдүйн Хөгжлийн Гарц, Өсвөр Үеийнхний Хөгжлийн Төв зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн сургалт нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын мэргэжилтнүүдийг “Гэрээр айлчлагчдын чиглүүлэгч” болгон бэлтгэх гол зорилготой. Сургалтыг “Хүйсийн Тэгш Эрхийн Төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгах хүний эрх, жендерийн тэгш эрх, хүн худалдаалах гэмт хэрэг (ХХГХ), хохирогчийг таньж тогтоох, ХХГХ-ийн хууль эрх зүйн орчин сэдвээр, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын мэргэжилтнүүд “Гэрээр Айлчлах” үе шатууд сэдвийн хүрээнд удирдаж явууллаа.

“Скаут нь хүүхэд хөгжлийн төлөө ажилладаг байгууллага. Хүүхэд хамгааллын төлөө явах нь бид бүгдийн хариуцлага гэж боддог учир энэ салбарт ажиллахаар шийдсэн. Энэ удаагийн сургалтаар хүйсийн тэгш эрх, хүний эрхийн талаар илүү гүнзгий ойлголт, мэдээлэлтэй боллоо. Мөн цаашлаад хүн худалдаалах гэмт хэргийн талаар суралцаж эхэллээ. Гэрээр айлчлагч хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэгт өртүүлэхгүй байхын төлөө ажиллах нь скаут бидний зүгээс хүүхэд бүрийн төлөө хийж чадах том алхам гэдгийг ойлгосон” - “Монголын Скаутын Холбоо”, Сургалтын дарга С.Уламбаяр