Гэрээр айлчлах хөтөлбөрийн нэгдсэн уулзалт боллоо.

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хооронд Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийг ДЗМ ОУБ, Азийн Сан хамтран, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Уг төслийн урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд нийслэлийн таван дүүрэгт хэрэгжиж буй Гэрээр айлчлах хөтөлбөрийн туршлага, үр дүн, санал бодлоо солилцох нэгдсэн уулзалт боллоо.
Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гэрээр айлчлах хөтөлбөрийг Лантуун дохио, Өсвөр үеийнхний хөгжлийн төв, Боловсрол ирээдүйн хөгжлийн гарц, Монголын Скаутын холбоо, Монгол сайн дурынхны төв ТББ-ууд, дүүрэг тус бүр дээр байгуулагдасан ажлын хэсэгтэй хамтран хэрэгжүүлж байна.
Гэрээр айлчлах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн нийт 26 хороонд хэрэгжиж, хэрэгжүүлэгч 5 байгууллага нь нийт 220 гэрээр айлчлагч сайн дурынхныг бэлтгэн, чадваржуулан, чиглүүлж ажиллаж байна.
Уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, харьяа хэлтэс буюу ажлын хэсгийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагууд, бэлтгэгдсэн гэрээр айлчлагч сайн дурынхны төлөөлөл болон Дэлхийн Зөн Монгол байгууллагаас оролцлоо.