Дорнод аймагт “Галын сургалтын танхим” байгуулагдлаа

АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр хэрэгжиж буй Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслөөс Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Иргэдийг гамшгаас хамгаалах сурагт арга зүйн төвд “Галын сургалтын танхим”-ыг тохижуулан хүлээлгэн өглөө.

Энэхүү сургалт аргазүйн төвийг байгуулахад ОБЕГ, аймаг, сумын орон нутгийн төсөв, болон төслийн санхүүжилтээр нийт 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
“Галын сургалтын танхим” байгуулагдсанаараа Чойбалсан хотын нийт 47,000 хүн ам, 13,000 өрх, 1925 байгууллага аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлын талаарх мэдлэг чадвараа нэмэгдүүлэх боломжоор хангагдаж, танхимын болон дадлага сургуулилт хийх сургалтын хэрэглэгдэхүүн, багаж хэрэгсэлтэй боллоо.

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл нээлтийн үгэндээ: “Энэхүү төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна, бид олон улсын төсөл, хөтөлбөрийн сайн туршлагыг орон нутагтаа нутагшуулан, нийт сумдад түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв.