Дэлхийн зөн Америкийн санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төсөл Говь-Алтай, Увс аймагт нээлтээ хийлээ

Төслийн танилцуулах уулзалтын үеэр аймгуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Уулзалтад аймгийн Засаг дарга нар, төслийн хэрэгжилтэд оролцох аймгийн ЗДТГ-ын хамтрагч байгууллагын төлөөллүүд, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Грант бүрдүүлэлт хэрэгжилтийн менежер Д. Болатбек, төслийн менежер Ц. Амгалан болон Увс аймгийн төслийн ажилтнууд оролцлоо.
Уг төсөл нь Говь-Алтай аймгийн Бугат, Дэлгэр, Тайшир, Чандмань сумд болон Увс аймгийн Өмнөговь, Тариалан, Түргэн, Сагил сумдад 2021 оны 10 дугаар сарын 1-ээс 2023 оны 9 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд хэрэгжинэ.
Төслөөр дамжуулан амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг малжуулах, өрхийн тариалан ба үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх тэдний эрүүл мэнд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, мөн малчдын зудын гамшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутагт дасан зохицсон үүлдрийн малын хээлтүүлэгчээр мал сүргийг нь сайжруулах, малын тэжээлийн ургамал тариалах, малчдын бүлгүүдийг сургаж чадавхжуулахад орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой.
Төсөл хэрэгжих явцад аймаг сумын ЗДТГ, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газар, Мал эмнэлгийн газар, ОБГ, сумдын Эрүүл мэндийн төвүүд, багийн Засаг дарга нартай хамтран ажиллана.
