Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа

    Улаанбаатар, 2022 оны 04-р сарын 22-ны өдөр: Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах Тогтвортой хөгжил – иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдлаа.

    Европын Холбооны санхүүжилттэй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” , “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё”, “Хамтдаа даван туулъя” төслүүд  2018-2022 онуудад Завхан, Баян-Өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд амжилттай хэрэгжиж өнөөдөр эдгээр төслүүдийн үр дүнг танилцуулах  арга хэмжээ болж өнгөрлөө.

    Нийт 2.1 сая еврогийн санхүүжилттэй эдгээр төслийн үйл ажиллагаагаар дамжуулан нийт 90 гаруй иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ыг чадавхжуулснаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх,  өрхийн бизнесийг дэмжих замаар орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламж шинэчлэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулсны үр дүнд Ковид-19 цар тахлын үед амьжиргаа нь доройтсон, орлого багатай нийгмийн эмзэг бүлгийн 3767 өрх тэдний 8453 асран хамгаалагч, 7598 гаруй хүүхдэд шууд хүрч ажилласан байна. Мөн шууд үр шим хүртэгчдээс гадна тухайн орон нутгийн 13515 өрх тэдний 15854 хүүхдэд нөлөөлж чадсан байна.

    Ковид-19-ын сөрөг нөлөөг бууруулахаар хэрэгжсэн төсөл бол “Хамтдаа даван туулъя” бөгөөд Европын Холбооноос цагаа олсон хөрөнгө оруулалт болж төслөөс Эрүүл Мэндийн яаманд хүлээлгэн өгсөн 370 эмнэлгийн ор, 72 хүчилтөрөгч өтгөрүүлэгч, 60 дуслын тариурын аппарат зэрэг тоног төхөөрөмж 21 аймаг, 7 дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт тараагдаж цар тахлын ачааллыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байна. Мөн төслөөс нэн эмзэг айл өрхөд хоол тэжээл, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор хүнс болон ариун цэврийн байгууламжийн шууд тусламжийг үзүүлсэн нь нэн шаардлагатай дэмжлэг байлаа.

    Арга хэмжээний үеэр, Европын Холбооны Элчин сайд хатагтай Аксель Никэйз “Энд цугласан иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлье. Учир нь төслийн зорилтот орон нутгийн оршин суугч гэр бүл, хүүхдүүдэд төслийн үр шимийг хүртээж, амьдралд нь эерэг өөрчлөлт авчрахад хүн бүрийн оруулсан хувь нэмэр маш их үнэ цэнтэй байсан. Монголын иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд Европын холбоо онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн эдгээр төслүүд үүнд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Гурван төслийн хүрээнд засаглал, төслийн удирдлага санхүүгийн удирдлага, хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргааг дэмжих, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр нийт 90 гаруй ИНБ-ыг чадавхжуулсан байна” хэмээн онцоллоо.

    Монгол орны 4 аймаг, 3 дүүргийг хамарсан эдгээр төслийг Дэлхийн Зөн олон улсын байгууллага хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагууд оролцохоос гадна төсөл хэрэгжсэн аймгуудын Засаг дарга, төсөлд хамрагдсан ИНБ, үр шим хүртсэн иргэдийн төлөөлөл оролцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргалаа.

    Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын үндэсний захирал Б.Болорцэцэг зорилтот бүлгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд эерэг үр дүн авчирсан эдгээр төслүүдийг санхүүжүүлсэн Европын Холбоо болон хамтран ажилласан төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад талархлаа илэрхийллээ.

    “Сүүлийн 2-4 жилийн хугацаанд Дэлхийн Зөн Монгол ОУБ Европын Холбооны санхүүжилттэй 3 төслийг амжилттайгаар хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслүүд нь хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжил, хүүхдийн эрх хамгаалал, бэлгийн хүчирхийлэл, мөн Ковид-19-ын үед эрүүл мэндийн байгууллагын чадавх, орон нутгийн эдийн засаг, өрхийн амьжиргаанд үзүүлэх цар тахлын сөрөг нөлөөлөл зэрэг Монгол улсад тулгарч байсан чухал асуудлыг шийдвэрлэхэд цагаа олсон гарц, арга замуудыг олоход ихээхэн ач холбогдолтой төслүүд болсон. Иймээс эдгээр төслийг санхүүжүүлсэн Европын Холбоо болон төлөөлөгчийн газрын хамт олонд дахин баярласнаа илэрхийлье. Мөн төслийн хэрэгжилтэд хамтран ажилласан төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.”


    Other projects implemented under the World Vision Program