ЕХ-с Монгол Улсад суугаа элчин сайд Траяан Христеа Завхан аймаг дахь төслийн үйл ажиллагаатай танилцлаа
Завхан аймагт ЕХ-ны хамтарсан санхүүжилттэй эдийн засгийн төсөл 2018 оноос хойш хэрэгжиж буй юм.

Улаанбаатар хот, 2020 оны 05-р сарын 18-ны өдөр: Европын Холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Траяан Христеа Завхан аймагт хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцав.
Европын Холбоо ба Дэлхийн Зөн ОУБ-ын хамтарсан санхүүжилттэй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл нь 2018 онд хэрэгжиж эхэлсэн ба уг төслийн үндсэн зорилго нь Завхан аймагт тогтвортой, тэгш хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг дэмжихэд ИНБ болон төрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бөгөөд Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн үндсэн зорилго нь ИНБ-уудын чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон орон нутгийн засаг захиргаа, иргэний байгууллагуудын стратегийн түншлэлээр дамжуулан орон нутгийн эдийн засаг, өрхийн орлогыг төрөлжүүлэх замаар сайжруулах юм.
Төслийн зарим үр дүнгүүдээс дурдвал, орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт үнэлгээний аргачлал буюу Иргэдийн дуу хоолой аргачлалаар дамжуулан эдийн засгийн хөгжлийн оролцооны туршлагатай ИНБ-ууд 9-с 30 болж нэмэгдсэн. Нийт 5,737 иргэн (эмэгтэй- 4353, эрэгтэй-1384, залуучууд- 1517) орон нутгийн эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 1558 иргэн аймгийн нийгэм эдийн засгийн удирдамж, стратегийн сургалт сурталчилгаа, ИНБ-уудын дэд төслүүдэд хамрагдсан.
Мөн 517 үйлдвэрлэгч байгаль орчинд ээлтэй, зах зээлд суурилсан эдийн засгийн талаар мэдээлэл авсан. Шаардлагатай сургалт болон тоног төхөөрөмжүүдийг авсаны үр шимээр 127 хүн гарааны бизнесээ эхлүүлж, спорт, хүүхэд болон үндэсний хувцас үйлдвэрлэгч оёдлын бүлэг зэрэг нийт 22 үйлдвэрлэгч бүлгүүд өөрсдийн бизнесүүдээ өргөжүүлсэн байна. Өмнөх онд Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд орон нутгийн удирдлага болон ИНБ-ууд хамтран орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой 6 хамтарсан төслийг амжилттай авч хэрэгжүүлсэн байна.

Media contacts:
Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org