ИРЭЭДҮЙН АМЖИЛТАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛ!
"ИРЭЭДҮЙН АМЖИЛТАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛ" сургалт амжилттай болж өндөрлөлөө.
“Ирээдүйн амжилтаа өнөөдрөөс эхэл”


“Өмнө нь би дүү нартайгаа үргэлж муудалцаж, дандаа муухай зан гаргадаг байсан. Хичээлийн дараа гэртээ очоод дүү нартайгаа эелдэг харилцсанд дүү нар маань гайхаад та яагаад гоё ааштай болчихсон юм бэ гэж асуугаад байсан. Одоо би өөрийн мэдрэмжээ зөв илэрхийлж уураа хянаж сурч байгаа.” хэмээн сургалтанд оролцогчдын төлөөлөл Зулаа охин ярьсан юм.
Хүүхдүүдийг өөртөө байгаа нөөц, боломжуудыг олж харах, илрүүлэх, өөрт нь мэдрүүлэх замаар хүүхдүүдэд хөгжих эерэг хандлагыг суулгах зорилгоор “Ирээдүйн амжилтаа өнөөдрөөс эхэл” сургалт 2019 оны 3-р сарын 25-аас 4-р сарын 13-ны хооронд нийт 2 клубын 59 хүүхдүүдийг хамруулан амжилттай хичээллэж өндөрлөлөө.
Дунд ангийн хүүхдүүдийн "МӨРӨӨДӨЛ" клубын нийт 32 хүүхэд, ахлах ангийнханы "ӨӨРЧЛӨЛТИЙН ДАВАЛГАА" клубын 27 хүүхэд хамрагдан
18 удаагийн 36 цагийн сургалтаар дамжуулан хүүхэд өөрсдөө шийдвэр гарган аливаа асуудлыг даван туулах чадвар нь нэмэгдэж амьдрах чадамжид суралцсан чухал арга хэмжээ болсон.

Сургалтын дараа хүүхдүүд эцэг эхчүүддээ зориулан сурсан зүйлээсээ ийнхүү хуваалцсан юм.
- Сургалтын оролцогч Болороо уг сургалтыг дүгнэхдээ “Өмнө нь би дандаа эрэгтэй найзуудтайгаа хамт тоглож, муухай үг хэллэг хэрэглэдэг байсан бол одоо зарим нэг надад муу үлгэрлэдэг найзуудаасаа холбоогоо тасалж эмэгтэй хүүхдүүдтэй найзалж байгаа” хэмээн ярьж байлаа.
- Оролцогч Даваа “намайг манай ангийн хүүхдүүд бор царайтай болохоор "Нигер", "хар" гэж шоолоод би долоо хоног гаран хичээлдээ яваагүй. Тэр үед намайг хэн ч ойлгохгүй байгаа юм шиг санагдаж байсан. Одоо тэд шоолсон ч би хичээлээ таслахгүй, гэхдээ хүнд шоолуулах хэцүү байдаг.” хэмээн ярьж байлаа.
- Оролцогч Баагий “ намайг гэрлүүгээ явж байтал 3 ах дуудаад мөнгө байна уу?, тамхи байна уу? гэхээр нь байхгүй гэсэн чинь чамд байх юм байна уу гээд цүнхэн доторх бүх юмыг гаргаад шидчихсэн. Тэр үед би юу ч хийж чадаагүй, харин үеийнхээ хүүхдүүдтэй бол шууд л зодолдог байсан. Одоо би чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлж, хүүхдүүдтэй найрсаг харилцана” хэмээн ярьж байлаа.
