Нууцлаг баатрын түүх 2

Нууцлаг баатрын түүх
Сувдаа аав, ээж, хоёр эгчтэйгээ хотын захад амьдардаг. Таеквондогоор хичээллэхээс өмнө тэрээр өөр ямар ч спортоор хичээллэж байсангүй.“Миний хамгийн сайн найз Дэлхийн зөнгийн таеквондогийн клубт явж эхэлсэн юм. Тэгээд намайг клубт хамт явъя хэмээн ятгасан. Тэнд очсон эхний өдөр надад маш их таалагдсан тул би үлдэж, таеквондогоор идэвхтэй суралцахаар шийдсэн” гэж охин дурсан ярив.
Сувдаа богино хугацаанд шаргуу бэлтгэл хийж, хурдан сайжирсан учир багш нь түүнийг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг санал болгосон. Уг тэмцээнд оролцож алтан медаль авсан нь түүний хувьд мартагдашгүй нэгэн дурсамж юм.“Өсвөр үеийнхний таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь миний анхны томоохон тэмцээн болж, хүрэл медаль хүртсэн. Тэр үед надад үнэхээр аз жаргалтай, гайхалтай санагдсан. Зөвхөн би ч биш, аав ээж, багш, найз нөхөд маань ч мөн баярлаж байгааг харах сайхан байсан” хэмээн хөөрхөн бор нүдэнд нь оч гялалзсан Сувдаа хуваалцлаа.
Тэрээр ихэвчлэн долоо хоногт гурван удаа хичээлээ дууссаны дараа 2 цагийн турш бэлтгэл хийдэг. Том тэмцээнд оролцохоор бол өдөр бүр шаргуу хичээллэнэ. Сувдаа “Хүүхдүүд спортоор дамжуулан үе тэнгийнхэндээ үнэнч шударга, тууштай, шаргуу хөдөлмөрлөхийн үлгэр жишээг үзүүлж, эергээр нөлөөлж чадна гэдэгт итгэдэг. Мөн шинэ зүйлийг туршиж үзсэнээр өөрсдийн авьяасыг нээж илрүүлж чадна гэж бодож байна.”“Би багадаа бие султай хүүхэд байлаа. Одоо харин бие бялдрын хувьд хүчтэй болж, өөртөө илүү итгэлтэй нэгэн болсон. Би “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад маш их талархаж байна, учир нь би таеквондогийн дугуйланд элссэн нь миний авьяасыг нээж өгсөн. Би өөрийнхөө төсөөлж ч байгаагүй амжилтыг гаргасан.
”Спортоор хичээллэснээр тэрээр ирээдүйн зорилгоо тодорхойлж, их сургуульд биеийн тамирын чиглэлээр суралцахаар шийдсэн. Нууцлаг баатруудын тусламжтайгаар хүүхдүүд өөрийн авьяас чадварыг нээн илрүүлж, өсөж хөгжин өөрчлөгдөж байна. (Энэхүү түүхийн гол дүрийн охины нэрийг өөрчилсөн болно. 2019 он)