Нууцлаг баатрын түүх
Нууцлаг баатрын түүх
Би аав, ээж, гурван ахтайгаа зургуулаа амьдардаг. Би одоо есөн настай. Намайг жоохон байхад аав маань зах дээр ачаа зөөдөг байсан. Ажлаасаа болоод аав маань удаан хугацаанд өвчтэй болсон юм. Бид хөдөө эмээгийн хашаанд нүүж очоод ээж маань айлын зооринд ногоо ялгах ажилд том ахыг дагуулж явдаг байлаа. Би ээжийгээ байхгүйд нь зөндөө их санадаг. Манай аавын бие одоо харин гайгүй болсон. Ээжид заримдаа ажил олдохгүй байна гээд гэртээ буцаад ирдэг. Тэр орой нь бид нар гамбир, хар цай идээд л хонодог. Маргааш аав ээж хоёрт ногоо ялгах, түүх ажил олдоосой гэж би орой Бурханд залбирдаг. Бас манай бага ах зүрхний өвчтэй болохоор ээж аав хоёр ахыг дагуулж эмнэлэгт их удаан хэвтдэг. Зүрх нь цооронхой гэж ярьж байхыг би сонссон болохоор бага ахыгаа их өрөвддөг. Нэг өдөр Дэлхийн зөнгийн хүмүүс манай гэрт ирж ээж аавтай уулзаад явсан. Тэр өдөр ээж, аав хоёр маань баярлаад л байсан. Манай гэрт Дэлхийн зөнгөөс тугалтай үнээ өгсөн ээж маань баяртай нь аргагүй хэлсэн. Ээж үнээнийхээ сүүгээр амттай тараг, ааруул яаж хийхийг сурсан. Одоо бол хөөрхөн үнээнийхээ сүүгээр тараг бүрэх, өрөм авах, сүүг нь уух гээд маш гоё байгаа. Манай гэр бүлийн амьдралд Дэлхийн зөн орж ирсэнд би их баярладаг. Манай гэрийн хашаа өмнө нь онгорхой том том нүхтэй байлаа. Тэр нүхээр гудамжны золбин нохой орж ирж намайг байнга айлгадаг. Би чинь нохойноос аймар айдаг байхгүй юу. Тэгсэн чинь тугалтай үнээтэй болоод аав нялх тугалыг маань нохой барьчиж магадгүй гээд хашаагаа битүүлсэн.Би дуулж бүжиглэх дуртай. Намайг 2 дугаар ангид байхад манай сургууль дээр Дэлхийн зөнд бүртгэлтэй хүүхдүүдийн дунд бүжгийн дугуйлан хичээллэсэн. Анх намайг очиход бүжгийн багш “Чи хэтэрхий жижиг биетэй, нас нь жоохон байна дараа жил ирээрэй” гэж хэлсэн. Би тэгэхээр нь багшдаа насаа нэмээд хэлчихсэн. Тэгээд хүүхдүүдийн захад зогсож өдөр бүр бүжгийн хичээлд очно. Бүх ээж аавуудын өмнө бид нар тайлан концертоо тоглоход надад хамгийн гоё байсан. Багш маань намайг дахиж битгий ирээрэй гэж хэлэх вий гэж айгаад аль болох нүдэнд нь харагдахгүй, гэхдээ бас илүү сайн бүжиглэж сурахыг хүсэж дугуйландаа идэвхтэй хамрагдсан. Тэгсэн багш маань надад “Чи бүжиглэх дуртай юм чинь бүжгийн дугуйланд явж болно оо” гэж хэлэхэд би маш их баярласан. Бүжгийн дугуйланд яваад би сургуулийнхаа урлагийн үзлэгт орж шалгарсан. Би өөр газрын багшаар бүжиг заалгах боломжгүй шүү дээ. Харин Дэлхийн зөнгийн багш ирж манай суманд олон хүүхдэд гоё бүжиг зааж өгсөн. Мөн “өнөөдөр аавд ажил олдох болов уу” гэж санаа зовохоо больсон. Манайх хоохондой тугалдаа өвс сайн идүүлж сүү, өрөм, тарагаа бусад хүмүүст зарж мөнгө олж байгаа. Аав маань бас нүүрс шуудайлж зардаг ажилд орсон. Аав орой ирэхдээ инээсээр гэртээ орж ирдэг. Ээж анх үнээгээ аваад яаж сүүгээ хөөрүүлэхээ ч мэддэгүй байсан бол одоо цагаан эдээ хийж сурсан. Ээж “сайхан сэтгэлтэй олон хүний тусыг их хүртлээ” гэж ярьдаг. Тэр хүмүүс үлгэрт гардаг шиг сайхан сэтгэлтэй баатрууд гэж би боддог.


See insights and adsBoost postLikeCommentShare