ОБЕГ-т халдвар хамгааллын иж бүрдэл хүлээлгэн өглөө
Онцгойгийн алба хаагчдад 56,540,000 төгрөгийн өртөг бүхий халдвар хамгааллын иж бүрдэлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө.

Дэлхий даяар урьд хожид байгаагүй том сорилттой тулгарч буй энэ цаг үед хамгийн их эрсдэлд орж байгаа хүмүүс бол орлого багатай, олон хүүхэдтэй, тусгай хэрэгцээтэй хүүхэд эсвэд гэр бүлийн гишүүнтэй өрхүүд, мөн тэргүүн эгнээнд ажиллаж буй мэргэжилтэн, алба хаагчид билээ.
Дэлхийн Зөн олон улсын байгууллага эдгээр хүмүүст хүнд үеийг эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд орлого багатай 7000 гаруй өрхөд 717,870,000 төгрөгийн хүнсний яаралтай тусламж үзүүлэхэд анхаарч ажилласан.
Үүний зэрэгцээ яаралтай үеийн түргэвчилсэн судалгаа хийсний үндсэн дээр COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 сарын хугацаатай 2,2 сая ам долларын хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд зориулсан санхүүжилтийг баталлаа.
Энэ төслийн хүрээнд “галын шугам” дээр ажиллаж буй Онцгойгийн алба хаагчдад 56,540,000 төгрөгийн өртөг бүхий халдвар хамгааллын иж бүрдэлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө.
“Дэлхий нийтээрээ хүнд хэцүү цаг үеийг туулж буй энэ үед Дэлхийн Зөн байгууллага тусламж дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлж, ялангуяа эрсдэлд орсон хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад маш том хувь нэмэр оруулж байгааг дурьдахгүй байж болохгүй” хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлсэн юм.
Цаашид бид COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор:
- 1. Ус, орчны эрүүл ахуй, ариун цэврийн эерэг дадлыг нийгэмд сурталчлах, улмаар халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг иргэд, олон нийтэд түгээх
- 2. Өрхийн амьжиргааг дэмжих замаар хамгийн эмзэг нөхцөл байдалд байгаа хүүхдүүд, тэдний гэр бүлийг цар тахалтай холбоотой хямрлыг даван туулахад нь туслах
- 3. Онцгой байдлын үеийн боловсролын тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх
- 4. Онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалахад бүх талуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих чиглэлд ажиллах болно.