Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2023 он
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүр 3-р сарын 8-ний өдөр олон улс орнууд тэмдэглэсээр ирсэн.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт, тэгш эрх зэргийг онцолдог.
Энэ жил #EmbraceEquity буюу #Тэгш боломжийг хүлээн авъя уриатайгаар тэмдэглэж байна. Тэгш боломж гэдэг нь сонсоход сайхан үг төдийгүй заавал байх ёстой зүйл. Хүйсийн тэгш боломжийг хангах нь нийгэм бүрийн ДНХ-ийн нэг хэсэг байх ёстой.
Тэгш боломж, тэгш байдал хоёрын ялгааг зөвөөр ойлгох нь чухал. Тэгш байдал гэдэг нь хувь хүн эсвэл бүлэг хүмүүст ижил нөөц, боломж олгохыг хэлнэ. Тэгш боломж гэдэг нь хүн бүр өөр өөр нөхцөл байдалтай гэдгийг хүлээн зөвшөөрч, тэгш үр дүнд хүрэхэд шаардлагатай байдлаар нөөц боломжуудыг хуваарилах юм.
Бид дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүдийг үнэлж, тэгш боломжийг олгодог болгохын тулд ажилладаг. Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Амьжиргааг дэмжих Төгсөлтийн аргачлалын хүрээнд зорилтот бүлгийн өрхүүдийг мэргэшүүлэн, чадавхижуулан ажиллаж байна. Үүний үр дүнд олон олон эмэгтэйчүүд өөрсдийн нөөц боломжийг нэмэгдүүлж, өрхийн амжиргаандаа бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.




Гэртээ суудаг ээжээс нийгмийн идэвхтэн болсон түүх
“Хэрвээ би гэртээ чимээгүйхэн суугаад байсан бол хэн ч намайг ажилд авъя гэж хэлэхгүй” хэмээн бидэнтэй өөрийн түүхийг хуваалцсан эмэгтэйг Оюун гэдэг.
Тэрээр 20 настайдаа гэр бүл болоод хүүхэд төрүүлсэн, түүнээс хойш гэртээ хүүхдүүдээ харж хандан, бусадтай бараг уулздаггүй байжээ.
Оюун охиноо Дэлхийн Зөн байгууллагад бүртгүүлсэн цагаас өөрөө ч мөн сайн дурын ажилтнаар элсэн олон олон сургалтад хамрагджээ."Би олон хүнтэй уулзаж, найз нөхөд, хамт олонтоо болсондоо баяртай байна” хэмээн тэрээр хуваалцаж байв.
Оюун ахлах сургууль төгсөж чадаагүй ч гэсэн сургалтуудад идэвхтэй хамрагдан өөртөө итгэх итгэлтэй нэгэн болж чадсан.
“Одоо би орон нутгийнхаа өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн сайн дурын ажилтан мөн төгсөлтийн аргачлалын хүрээнд 15 өрхийг удирдан зохион байгуулж байна.”
Мөн тэрээр сургуулийн дотуур байранд жижүүр багшаар ажилд орсноор байнгын ажлын байртай болсон. Сургуулийн дотуур байранд ажилд орсноосоо хойш тэрээр хүүхдүүдтэй ажиллах дуртайгаа мөн энэ тал дээр авьяастайгаа мэдсэн байна. Оюун гар урлал сайн хийдэг учраас түүнийг ээлждээ гарахад бага насны хүүхдүүдэд зураг, хайчилбар хэрхэн хийхийг сурахаар түүнийг зорин ирнэ.
Оюун нийгмийн маш идэвхтэй, хөдөлмөрч нэгэн. Өөрийн нөөц боломжоо олж мэдэхэд тусалсан Дэлхийн Зөн байгууллагад талархаж буйгаа тэрээр хуваалцсан юм.