Сингапур улс дахь Трафигура сангийн ажилтнууд цар тахлын сөрөг нөлөөлөлд нэрвэгдсэн 1026 өрхөд тусламжийн гараа сунгалаа.

Сингапур улс дахь Трафигура сангийн ажилтнууд цар тахлын сөрөг нөлөөлөлд нэрвэгдсэн 1026 өрхөд тусламжийн гараа сунгалаа.
Сүүлийн 22 жилийн хугацаанд ядуурал болон ажилгүйдлийн түвшин анх удаа эрс нэмэгджээ. Ковид-19 цар тахлын улмаас энэ онд ядуурлын тоо хэмжээ 150 саяар нэмэгдэнэ гэж Дэлхийн банк таамаглаж байгаа ба үүний тал хувь нь хүүхдүүд юм. Энэ нь дэлхий дахинаа 20-иод жилийн турш ядууралтай тэмцэж ирсэн хүч хөдөлмөрийг эрсдэлд оруулж буй юм.
Дэлхийн Зөн ОУБ-ын судалгаанаас авч үзвэл, Ковид-19 цар тахлын нөлөөлөл нь эмзэг бүлгийн өрхүүдийг хоол хүнсээ танах, хэмжээ ширхгийг нь бууруулах, цар тахлын болон бусад төрлийн эмчилгээний зардлыг багасгах, хүнсний дэлгүүрт тогтмол өр тавих гэх зэрэг хүнд нөхцөл байдлыг бий болгоод байна.
Харин энэ удаа, цар тахлаас улбаалан үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан ДЗМОУБ-ын цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн нэн эмзэг өрхүүдэд үзүүлэх яаралтай тусламжийг бэлэн мөнгөний шууд тусламж хэлбэрээр үзүүлэх саналыг Сингапур улсын Трафигура сангийн ажилчид дэмжин ажиллалаа.
Трафигура сан нь нийт 40,000$ буюу 100 гаруй сая төгрөгийг өөрсдийн ажилчид дундаас бүрдүүлэн, бэлэн мөнгөний шууд тусламж хэлбэрээр цар тахлын сөрөг нөлөөлөлд автаад буй Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн нэн эмзэг 1026 өрх тус бүрт 100,000 төгрөгийн тусламж үзүүллээ.
Бэлэн мөнгөний тусламж нь цар тахлын энэ хүнд нөхцөлд хамгийн эрсдэл багатайгаас гадна, тусламж авч буй хүмүүс буюу бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, жирэмсэн эмэгтэй болон ахмад насны гишүүнтэй өрхүүдэд нэн хэрэгцээт зүйлсээ авах боломжийг олгодог хүмүүнлэгийн туслалцааны нэг чухал хэлбэр юм.
Уг сангийн ажилчдийн өгөөмөр сэтгэл нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэнд болон өрхийн амьжиргааг дэмжсэн цаг үеэ олсон бодит тусламж байсныг дуулгахад таатай байна.
ДЗМОУБ нь хамтрагч байгууллагуудын туслалцаатайгаар эмзэг бүлгийн өрхүүд болон хүүхдүүдийг эдгээр хүнд хэцүү үеийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг ба аливаа гамшиг, эрсдэлийн үед нэн даруй хариу арга хэмжээ авч, хүүхдүүд, тэдний гэр бүл, орон нутгийн иргэдтэй ойр хамтран ажиллаж, эрсдэлийг даван туулахад нь дэмжиж ажилладаг.