Танилц: Иргэний нийгмийн идэвхтэн Дорж-Арилдийгийн Лувсандорж

Лувсандоржийг эргэн тойрныхон нь Лууяа гэж дууддаг. Тэрээр сүүлийн 15 жил иргэний нийгмийн, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, дуу хоолой болох тал дээр идэвх, оролцоотой байсаар иржээ.
Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээлэл, боломжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрийн туршлага, ур чадварын цар хүрээг ч мөн тэлэхээр өөрийн “Нийгмийн хөгжил, эерэг хандлага” ТББ-ыг үүсгэн байгуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн хандлага, ойлголтыг сайжруулах, тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар төлөвлөн ажиллаж буй нийгмийн идэвхтэй иргэн юм. Лууяа Улаанбаатар хотод 17 настайдаа Говь-Алтай аймгийн Чандмань сумаас шилжин суурьшсан. Орон нутагт тусгай боловсрол эзэмших сургуулийн хүртээмжгүй байдлын улмаас ерөнхий боловсрол эзэмшиж чадаагүй.
Гэвч тэрээр бие даан бичиг үсэг сурч, харааны бэрхшээлтэй хүнд бие даан амьдрахад туслах орон зайн баримжааг нэмэгдүүлэх сургалт, юниверсал дизайн буюу бүх хүн амьдрахад таатай орчин, ашиглахад тохиромжтой байгууламж, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийн талаарх сургалтуудад оролцож өөрийгөө тасралтгүй хөгжүүлж яваа үлгэр жишээ иргэн юм.
Стиви Вондер ба урлагийн авьяасаа нээсэн түүх
Лууяагийн хүүхэд нас радиотой нөхөрлөж өнгөрсөн аж. Одоогоос 20-д жилийн өмнө баруун аймгийн алслагдсан суманд технологи төдийлөн хөгжөөгүй, хүртээмжтэй инновац нэвтрээгүй тул радиогоос өөр техник хэрэгсэл барагтаа л мэддэггүй үе байжээ. Харааны бэрхшээлтэй, мөн бичиг үсэг тайлагдаагүйн улмаас мэдээллийн үндсэн эх сурвалж нь радио л байсан тухайгаа хэлж байв.
Шугамын радиогоор нэг удаа Америкийн алдарт дуучин Стиви Вондерийн түүхийг сонссоноор урам зориг авч, урлагийн салбарт хөл тавьж, шинэ чадварт суралцах аяллынх нь эхлэл болжээ. Лууяа 1995 оноос гитар, баян хуур хөгжим тоглож эхэлснээр Говь-Алтай аймгийн Хөгжимт драмын театраас хөгжимчнөөр ажиллаж, 2015 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулжээ. Тэрээр урлагтай нөхөрлөсөн он жилүүд түүний амьдралыг илүү гэрэл гэгээтэй, утга учиртай болгож өгсөн хэмээн дурдаж байлаа.
Карьерын өөрчлөлт хийсэн нь буюу технологи, инновацад суралцсан нь
Тэрээр хожуу бичиг үсэг тайлагдсан хэдий ч бие даан суралцах, шинэ зүйлд өөрийгөө сорих дуртай идэвхтэй суралцагч юм. Өөрийгөө бүтээх, дуртай зүйлээ олж нээхийн тулд хэд хэдэн салбарт өөрийгөө сорьж үзсэний нэг нь Монголын анхны харааны бэрхшээлтэй бэлтгэгдсэн массажистуудын сургалтад хамрагдаж, мэргэжлийн массажист болох явдал байв. Явцын дундаа массажист түүний цаашдаа амьдралаа залгуулж, дагнан ажиллах салбар биш болохыг мэдэрч технологид түлхүү суралцахаар шийдэж бариач, массажистийн замналаа орхисон гэлээ.
Тусгай хэрэгцээт иргэдийн хувьд технологи дээр суурилан нийгмийн харилцаанд оролцох боломж нь эрс нэмэгддэг. Шинэлэг технологийн шийдлүүд мэдээлэл авах, нийгмийн харилцаанд орох боломж нэмэгдүүлж байгаа дотоодын жишээ дурдвал Чимэгэ, Сонор зэрэг хиймэл оюун ухаан дээр суурилсан харааны бэрхшээлтэй иргэд ч мэдээлэл авах боломжтой шийдлүүд гарч ирсээр байгаа хэдий ч эзэмшиж байгаа хүний тоо, хүртээмж нь бага байсаар, яг хэрэгцээт хүн нь энэ тухай сонсоо ч үгүй яваа хэвээр байгааг Лууяа хэлж байв.
Тэгвэл би юу хийж чадах вэ?
Лууяа өөрөөсөө ингэж асуухад юун түрүүнд өөрөө эхлээд технологийн чадвараа илүү сайжруулж, юниверсал дизайн болон англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийн чухлыг ойлгожээ. Улмаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч бэлтгэх” хөтөлбөрийн тухай сонсож дэмжих бүлгийн сургагч нь өөрийн эргэн тойронд байгаа ижил асуудал, бэрхшээлтэй хүмүүстээ заах, мэдээлэл өгөх, мэдлэгээ хуваалцах үйл ажиллагаа нь түүний өөрийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын үйл ажиллагааны хүрээтэй нийцэж байсан учир хөтөлбөрийн 30 сургагчийн нэгээр бэлтгэгдсэн байна.
Тэрээр мөн тусгай хэрэгцээт иргэдэд боломж, мэдээлэл хүргэх сувгийг нэмэгдүүлэх, тодорхой ур чадварт сургахад чиглэн ажиллах төлөвлөгөөтэй. Лууяа өөрийн зөөврийн компьютер дээрх харааны бэрхшээлтэй хүнд зориулсан программуудыг ашиглан дуу бичлэг эвлүүлэх, бусад программуудыг зохих түвшинд ашиглаж сурчээ.
“Хүслийн жагсаалт”
Технологийн хүртээмжтэй байдал дижитал эрин, технологийн үсрэнгүй хөгжилтэй энэ цаг үед ч тусгай хэрэгцээт иргэдэд маш хангалтгүй хэвээр байгааг Лууяа хэлж байлаа. Жишээ нь: Монголд харааны бэрхшээлтэй хүн өдөр тутамдаа банк, ATM-аар үйлчлүүлэх, автобус унаанд суухад бэрхшээлтэй, эсвэл бие даан амьдрах, амьдралын чанараа сайжруулахад нь туслах технологи хэрэгсэл ашиглах ур чадварт цөөн хүн суралцсан жишээг Лууяа бодит туршлага дээрээ үндэслэн хуваалцав. Технологи, инновацлаг шийдлийн хүртээмжтэй байдалд Лууяа 10-с 0 оноо өгнө гэв. Зөвхөн Монголд ч гэлтгүй олон улсад ч тусгай хэрэгцээт иргэний хэрэгцээг 100% мэдэрч, хангаж байгаа технологийн шийдлүүд хангалттай биш байгаа гэдгийг дурдсан юм. Тиймээс ч технологийн мэргэжилтнүүдэд технологийг илүү хүртээмжтэй болгох тал дээр уриалах, тусгай хэрэгцээт хэрэглэгчдийн технологийн хэрэгцээ ба бусад боломж мэдээллийн талаар хуваалцах өөрийн Youtube, подкаст сувагтай болох зорилго тавьж, сошиал сувгуудынхаа нэрийг бодож яваагаа ч дурдлаа.
Лууяагийн эерэг түүхээр дамжуулан тусгай хэрэгцээт олон мянган хүнд тулгамдаж буй асуудлаас дурдахын сацуу бэрхшээлийг даван туулж өөртөө болон бусдад боломж бий болгож, тасралтгүй суралцаж яваа энгийн иргэний түүхийг хуваалцахыг зорьсон юм.