Төслийн орон нутгийн үйлдвэрлэгч бүлгүүдэд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Европын Холбооны санхүүжилттэй эдийн засгийн төсөл нь Завхан аймагт 2018 оноос хойш хэрэгжиж байгаа юм

УЛИАСТАЙ CУМ, 2020 оны 07-р сарын 06-08ны өдөр: Европын Холбооны санхүүжилттэй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслөөс орон нутгийн үйлдвэрлэгч бүлгүүдэд тоног төхөөрөмж гардууллаа.
“Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийг Дэлхийн Зөн ОУБ 2018 оны 01-р сараас эхлэн Завхан аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн гол зорилго нь орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сайжруулж тэдний орон нутгийн тогтвортой өсөлт хөгжилтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх; орон нутгийн удирдлага болон ИНБ-уудын идэвх оролцоотой орон нутаг болон өрх айлуудын орлогыг төрөлжүүлэн нэмэгдүүлэх зорилготой юм.
Уг төслийн хүрээнд одоогийн байдлаар нийтдээ 59 үйлдвэрлэгч бүлэг байгуулан сургалт болон тоног төхөөрөмжөөр дэмжиж байгаа юм. 2019 онд 24 бүлэг тоног төхөөрөмжөө хүлээн авч бизнесээ эхлүүлсэн бол энэ онд 35 бүлгийг дэмжихээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 28 бүлэг нь тоногт төхөөрөмжөө хүлээн авлаа. Үүнд хамрагдсан 13 бүлэг газар тариалан, 12 бүлэг ааруул цагаан идээ, 5 бүлэг талх нарийн боов, 3 бүлэг арьс шир боловсруулах болон гутал, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 1 бүлэг борц, 1 бүлэг эсгий эдлэлийн чиглэлээр үйлдвэрлэл явуулах юм. Тоног төхөөрөмжөө хүлээн авснаар эдгээр үйлдвэрлэгч бүлгүүд бизнесээ эхлэх болон өргөжүүлэх боломжтой болж байгаа юм. Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд төслийн хамтрагч аймгийн ЗДТГ болон ИНБ-уудын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцлоо.
“Энэ төслийн хүрээнд 2019 онд нийт 5 өрх нийлж бүлэг болж ажиллаж эхэлсэн. Би өрхийн түвшинд 20 сот газарт тариалан эрхэлдэг байсан бол бүлгээрээ 1 га газарт тариалан эрхлэхээр төлөвлөсөн. Одоо манай бүлэг трактортай болсноор газраа хагалах, үрлэх, хураах, тээвэрлэх зэргээр бизнесээ эрхлэх бүрэн боломжтой боллоо. Ийм боломжоор хангасан Европын Холбоо болон Дэлхийн Зөн төслийн хамт олондоо баярлалаа” гэж Алдархаан сумын “Баянхошуу” бүлгийн ахлагч Цогт-Эрдэнэ хэлэв.

Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org