Төслийн хүрээнд Түр хамгаалах байрыг сэргээн засварлан хүлээлгэн өглөө
Тус төсөл нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Европын Холбоо хамтран санхүүжилттэй хэрэгжиж байгаа юм.
Хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо чухал билээ.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр “-ыг Европын Холбоо болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэй “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийн хүрээнд сэргээн засварлаж хүлээлгэн өглөө.

“Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг сэргээн засварласнаар нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хүлээн авах тав тухтай орчныг бий болголоо.
Уг арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ГБХЗХГ-ын дарга Н.Энх-Амар, Швейцарын хамтын ажиллагааны агентлаг, консулын газрын дарга Др. Стефан Бурриг, Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга ноён Пьер-Ив Лукас, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Суурин төлөөлөгч Б.Болорцэцэг болон бусад холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

Түр хамгаалах байранд хүүхдийг аюулгүй тав тухтай байлгах зорилгоор охид, хөвгүүд, нярайн өрөө, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх өрөө, тоглоомын өрөө гал тогоо, ариун цэврийн болон оройн ээлжийн ажилтны өрөөг стандартын дагуу засч тохижуулан нэмэлт камержуулалт, бусад засварын ажлуудыг хийсэн юм.
Ийнхүү аюулгүй, тухтай ээлтэй орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөл улам сайжирлаа. Мөн хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг байгууллагын хувьд Дэлхийн Зөн хүүхэд хамгааллын тогтолцоог бүрэн бий болгоход цаашид ч хувь нэмэр оруулан ажиллах болно.

Media contacts:
EU Delegation to Mongolia: Ganchimeg.Mijiddorj@eeas.europa.eu
Swiss Coopeartion Office: Tansagmaa.Tsog@eda.admin.ch
Дэлхийн Зөн-Монгол ОУБ: Bilguun_Ganbold@wvi.org