Хилчиддээ халдвар хамгааллын иж бүрдлийг хүлээлгэн өглөө
Өнөөдөр хамгийн тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй Хил хамгаалах газрын алба хаагчдад 57,487,500 төгрөгний өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтээрээ хүнд хэцүү цаг үеийг туулж буй энэ үед хамгийн их эрсдэлд орж байгаа хүмүүс бол өрхийн амьжиргаа доогуур, орлого багатай, олон хүүхэдтэй, тусгай хэрэгцээтэй хүүхэд эсвэл гэр бүлийн гишүүнтэй өрхүүд, тэргүүн эгнээнд ажиллаж буй мэргэжилтэн, алба хаагчид юм.
Дэлхийн Зөн Монгол ОУБ эдгээр хүмүүст энэ хүнд үеийг эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд бид орлого багатай, эрсдэлт нөхцөлд орсон 7,010 өрхөд 717,870,000 төгрөгийн хүнсний яаралтай тусламж үзүүлээд байна.
Үүний зэрэгцээ яаралтай үеийн түргэвчилсэн судалгаа хийсний үндсэн дээр COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд зориулсан 2,3 сая ам долларын санхүүжилттэй 5 сарын төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ төслийнхөө хүрээнд өнөөдөр хамгийн тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй Хил Хамгаалах Ерөнхий Газрын алба хаагчдад 57,487,500 төгрөгний өртөг бүхий хувийн халдвар хамгааллын иж бүрдлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө.

“Өнөөгийн энэ нөхцөл байдал Хил хамгаалах байгууллагын хувьд төдийгүй манай улсын хэмжээнд анх удаа тулгарч буй онцгой үе байна. Хилийн боомтууд дээр манай олон мянган хилчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй энэ үед алба хаагчдын аюулгүй байдалд дэмжлэг үзүүлж байгаад баярлалаа” хэмээн ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга Х.Лхагвасүрэн хэллээ.
Цаашид бид COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор дараах чиглэлд ажиллах болно. Үүнд:
- 1. Ус, орчны эрүүл ахуй, ариун цэврийн эерэг дадлыг нийгэмд сурталчлах, улмаар халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг иргэд, олон нийтэд түгээх
- 2. Өрхийн амьжиргааг дэмжих замаар хамгийн эмзэг нөхцөл байдалд байгаа хүүхдүүд, тэдний гэр бүлийг цар тахалтай холбоотой хямралыг даван туулахад нь туслах
- 3. Онцгой байдлын үеийн боловсролын тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх
- 4. Онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалахад бүх талуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих
Цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үеийг хамгийн эрсдэл багатайгаар даван туулахад таны ч оролцоо чухал юм шүү! Бид хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хувь хүн бүрт нээлттэй байх болно.
