Хүүхдэд ээлтэй өрөө нээлтээ хийлээ.
ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨРӨӨ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
2023 оны 2-р сарын 7
Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн албанд “Хүүхэд хамгааллын компакт” төслийн хүрээнд Хүүхдэд Ээлтэй Өрөө байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. Гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхэдтэй ярилцлага хийх, мэдүүлэг авах үед хүүхэд таагүй үйл явдлыг эргэн санах шаардлагатай болж дахин цочролд орох эрсдэлтэй байдаг тул, үүнээс сэргийлэх, хүүхдийн сэтгэл санааг амар амгалан, аюулгүй тайван байлгаж, хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү өрөөг ашиглах юм байна.

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээний хүрээнд Дэлхийн шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр тоноглогдсон хүүхдэд ээлтэй өрөөг цагдаагийн алба, хэлтсийн дэргэд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст байгуулаад байсан бол энэ удаад дээрх 2 цагдаагийн албанд байгуулан нээлтээ хийж байна. 2 улсын Засгийн газрын энэ түншлэл 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслөөс Хүүхдэд ээлтэй өрөөг нийт 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн байгууллагын 5 газарт байгууллаа.
Нээлтийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүүхдэд ээлтэй өрөөнд зохион байгуулсан байна. Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч дарга Aзра Зеяа, АНУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Ц.Ням-Очир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, ГБХЗХГазрын даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.