Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн суурь судалгааны үр дүн гарлаа

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн суурь судалгааны үр дүн гарлаа
АНУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар Монгол улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг 2020 оны 4 дүгээр сард байгуулсан билээ. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү түншлэл нь Монгол улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх юм. Уг төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Азийн сан хамтран хэрэгжүүлж байна.
Хараат Бус Судалгааны Хүрээлэн (IRIM) нь төслийн зорилго, зорилтуудын хүрээнд суурь судалгааг амжилттай гүйцэтгэлээ.
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй (ХХГХ)-тэй тэмцэх тогтолцооны нөхцөл байдал, гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог үнэлж, холбогдох интервенцийг төлөвлөхөд ОУ-д ашиглагддаг 4P-ийн парадигм болох урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх болон хамтын ажиллагаа гэсэн үндсэн дөрвөн дэд бүлгийн хүрээнд судалгааг явуулсан. Эдгээр дэд бүлгийн дагуу судалгааны үр дүнг дүгнэн үзвэл:
Хамгаалал
- - Хууль тогтоомжид ХХГХ-т хохирогч хүүхдийг хэрхэн илрүүлэх, хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг яаж үзүүлэх талаарх тусгайлсан зохицуулалт байхгүй байна.
- - Дэлхийн банкны төслийн хүрээнд Стандарт хэмжилзүйн газраас 2013 онд ХХГХ –ийн хохирогчид үзүүлэх нийгмийн үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага стандарт MNS 6418:2013 батлагдан гарсан. Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх журамд хүүхдэд үзүүлэх үйлчилгээний зохицуулалт байхгүй байна. Гэрч хохирогч хамгаалах хуулийн хүрээнд хохирогч, гэрч нарт үзүүлэх хамгаалалтын арга хэмжээ тэр дундаа хууль зүйн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, нийгмийн бусад туслалцааг үнэ төлбөргүй авах зохицуулалттай байдаг ч ХХГХ-ийн хохирогч хүүхдэд хамгааллын үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар тусгайлсан зохицуулалт дутмаг байна.
- - Хохирогчдод үзүүлэх хууль зүйн туслалцаа, нэр төр аюулгүй байдал хамгаалах журам байхгүй.
- - Хохирогчдод нийгмийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн нийгмийн ажил, үйлчилгээний тухай зохицуулалт байдаггүй
Урьдчилан сэргийлэлт
- - Хөгжлийн бэрхшээл тэр дундаа сонсголын бэрхшээлтэй байх нь бүх төрлийн мэдээллээс хоцроход хүргэдэг. Гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг тэгш хүртэж чадахгүй байгаа нь тэднийг гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд оруулж болзошгүй байна.
- - Хилийн хяналт шалгалтаар ХХГХ-ийн хохирогч байж болзошгүй тохиолдлыг илрүүлэх, хохирогч тогтоох албан ёсны стандарт байхгүй.
- - Олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын урьдчилан сэргийлэх ажлын уялдаа холбоо дутмаг. Нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй, хоорондын хамтын ажиллагаа болон төслүүдийн залгамж халаа байхгүй байна.
Хамтын ажиллагаа
- - Төрийн байгууллагуудын хувьд хүүхдийг ХХГХ-т өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, хохирогчийг хамгаалах зэрэг үйл ажиллагаанд ТББ, ОУБ-уудтай хамтран ажиллах байдлаа харьцангуй сайн гэж үнэлсэн бол, ТББ-ууд төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа хангалтгүй сул гэж үзэж байна.
- - Төлөвлөгөөний дагуу хамтран ажиллахад төр, төрийн бус, ОУБ хооронд ойлголт, хүлээлтийн зөрүү өнөөг хүртэл байгаа ба, нэг шатнаас хамтран ажиллахад хүндрэлтэй нөхцөл үүсдэг. Энэ нь төрийн албан хаагчдын тогтвор суурьшилгүй байдал, түүнээс үүдэн хариуцсан чиг үүрэгтээ мэргэших байдал хангалтгүй байгаатай холбоотой.
Хэрэг хянан шийдвэрлэх
- - 2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль баталсан. Гэвч төлбөрийн чадваргүй хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх журам өнөөг хүртэл батлагдаагүй.
- - Шүүхийн статистикийн мэдээллийг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа хэргийн тоон мэдээлэлтэй харьцуулан үзвэл шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй байна. Тодруулбал, 2017-2020 онд хүн худалдаалах 69, бэлгийн мөлжлөгийн 16, албадан хөдөлмөрлүүлэх 5, хүүхдээр гуйлга гуйлгах 1, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 55, хүүхэд худалдах 1, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах 1, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх 25 гэмт хэрэг бүртгэгдсэн ч шүүхээс хүн худалдаалах 13, бэлгийн мөлжлөг 2, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 7 хэргийг шийдвэрлэсэн байна.
- - 2019 онд хүүхэд худалдах гэмт хэрэг 1, хүүхдээр гуйлга гуйлгах гэмт хэрэг 1, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах гэмт хэрэг 1 бүртгэгдсэн ч одоогоор шүүхээр шийдвэрлэгдээгүй байна.
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төсөл нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдийг олж илрүүлэх, тэдэнд цогц үйлчилгээг үзүүлэх төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хүүхдийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сайжруулах, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилтуудын хүрээнд хэрэгжиж байна.