ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД Ч ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛСЭЭР ...
Хэдий хөл хорионд орж сурч хөгжих боломж нь хомс байгаа ч хүүхдүүд шинэ зүйл сурах, өөрсдийгөө хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаа нь тэдний сургалтандаа оролцож буй байдлаас харагдаж байсан юм.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Дулаанхаан тосгоны ЕБС-ийн 5, 6-р ангийн 90 гаруй сурагчдад санхүүгийн анхан шатны мэдлэг олгох, мөнгөтэй хэрхэн зөв харьцах, хуримтлал үүсгэх дадал зуршилд сургах зорилгоор онлайн сургалтыг “Хан голомт” ТББ-ын захирал, лектор Ц.Азбаяртай хамтран зохион байгууллаа.
Анги удирдсан багш нар болон эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ төлөө гэсэн чин хүсэл эрмэлзлэлээр тус онлайн сургалтанд хүүхдүүдээ оролцуулах боломжийг нь бүрдүүлэн, бүхий л тал дээр маш их идэвх санаачлагатай хамтран ажиллалаа.

Шаамар сумын ЕБС-ийн 6-р анги удирдсан багш Ө.Жанаргул “Хөл хорионы үед энэхүү онлайн сургалт нь цаг үеэ олсон сургалт байлаа. Сурагчдыг маань онлайн сургалтанд суух боломжоор хангасан Дэлхийн Зөн байгууллага болон сургалтыг удирдан явуулсан Ц.Азбаяр багшдаа баярлалаа” хэмээн сургалтын төгсгөлд хэлсэн.
Гэрээсээ онлайн сургалтанд сууж байгаа хэдий ч хичээлийн дүрэмт хувцасаа өмссөн, зарим нь шинэ жилийн уур амьсгал оруулан өөрсдийгөө гоёсон, мөн сургалтын төгсгөлд хоорондоо яриа өрнүүлж маш идэвхтэй оролцож байгаа зэрэг нь хүүхдүүд сургууль, ангийн хамт олноо санаж үгүйлсэн нь илт байлаа.

Хэдий хөл хорионд орж сурч хөгжих боломж нь хомс байгаа ч хүүхдүүд шинэ зүйл сурах, өөрсдийгөө хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаа нь тэдний сургалтандаа оролцож буй байдлаас харагдаж байсан юм.
Мөн анх удаа онлайнаар сургалтанд оролцож буй бяцхан хүүхдүүдэд амьдралын чухал хэрэгсэл болсон мөнгөний тухай сонирхолтой сургалтыг удирдан явуулсан Ц.Азбаяр лектортоо орон нутгийн хүүхдүүдийн өмнөөс дахин талархал илэрхийлье.
