Энэ хүнд нөхцөлд бид хэнийг ч орхих ёсгүй
Манай Баянхонгор аймаг дахь хөтөлбөр халдварт өртөх өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 4924 хүүхэд, тэдний гэр бүлд хүнс, халдваргүйжүүлэх-ариун цэврийн хэрэглэгдэхүүн дулаан хувцас, түлш, гэр, гэрийн эсгийг хүргэлээ.

Дэлхийн Зөн ОУБ шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээнд боловсруулсан төлөвлөгөөнийхөө хүрээнд тусламж хамгийн их шаардлагатай, эрсдэлт бүлгийн 7,010 өрхөд 720 сая төгрөгийн хүнсний болон эрүүл ахуйн, ариун цэврийн материалын яаралтай тусламжыг үзүүлээд байна.
Тэгвэл манай Баянхонгор аймгийн хөтөлбөр 2-р сараас хойш 4 удаагийн үйл ажиллагаагаар Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Бууцагаан, Бөмбөгөр, Баянхонгор сумдын халдварт өртөх өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй 4924 хүүхэд, тэдний гэр бүлд хүнс, халдваргүйжүүлэх-ариун цэврийн хэрэглэгдэхүүн санитол, гарын саван, дулаан хувцас, түлш, гэр, гэрийн эсгий, халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэлээ.
Тусламжийг өрхүүдэд хүргэхэд Баянхонгор аймгийн Онцгой комисс, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Сумдын ЗДТГ зохион байгуулалтын хувьд хамтран ажиллалаа.
Мөн Баянхонгор аймгийн “Сайн бүсгүй” фэйсбүүк группээс гишүүдийнхээ дунд сайн үйлсийн аян өрнүүлж 2,500,000₮ үнэ бүхий 1000 ширхэг шүүлтүүртэй маск, 200 ширхэг чацарганы өтгөрүүлсэн шүүс хандивлаж мөн өрхүүдэд хүргэх хүнсний бүтээгдэхүүн дээр шошго тайлбар наан сайн дураараа хамтран ажиллалаа.
Хорио цээрийн дэглэмтэй энэ үед манай байгууллага тусламж нэн шаардлагатай хүүхэд, гэр бүлүүдэд дэмжлэг болох боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна.
