Үерийн аюултай гэр хорооллын бүсэд үерээс хамгаалах байгууламж барьж, модон жорлонг сайжруулж байна

Дасан Зохицох Сангийн санхүүжилттэй НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр (НҮБ-ХАБИТАТ), Дэлхийн Зөн ОУБ хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийн дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, үерийн аюул эрсдэл, эмзэг байдлын талаар судалгаа анализ хийх, мэдлэг мэдээллийг сайжруулах, үерийн эрсдэлийг газар ашиглалтын төлөвлөгөөнд тусгах замаар багасгах, үерээс хамгаалах байгууламж барих зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж буй 10 хорооны 11156 иргэдийн дунд гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг 118 удаа зохион байгуулаад байна. Мөн дээрх хороодын 1227 иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж 92 анхдагч бүлгийг үүсгэн байгуулж орчин нөхцөлөө сайжруулах ажлыг хамтдаа төлөвлөж хэрэгжүүлэх ажиллагаанд сурч дадлагажиж байна. Зохион байгуулалтад орсон тэдгээр иргэд өөрсдийн амьдарч буй орчны тохижилт болон жорлонгоо сайжруулах, төслөөс барьж ашиглалтад оруулсан үерийн байгууламжууд руу хог хаягдал, үнс, ахуйн хог хаягдал хаяхгүй байхад анхааран ажиллахын зэрэгцээ бие биедээ үлгэр дуурайлал болж байна.

Жишээлбэл, СБД, СХД, БЗД-ийн төсөл хэрэгжиж буй хороодод байгуулагдсан анхдагч бүлгүүд нь эвлэлдэн нэгдэж хорооны хэмжээний оршин суугчдын зөвлөл (ОСЗ)-ийг байгуулсан бөгөөд улмаар хуулийн этгээдээр бүртгүүлж Цэгээн хайрхны оршин суугчид, Хамтын ололт, Ойчид дэвжих гэх мэт ТББ болон үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ТББ-ууд нь төсөлтэй хамтран айл өрхүүдийн жорлонг сайжруулах ажлыг гэрээлэн гүйцэтгэж байна.