Өсвөр үеийнхэн ба нийгмийн хариуцлага
Би “МЭДЭХ ЭРХ-2023” өдөрлөгт оролцож бидний аав ээжийн төлсөн татвар хэрхэн хуваарилагддаг, манай аймгийн төсөв хэрхэн бүрддэг талаар, мөн бид гар утсаараа эрүүл мэндийн үйлчилгээ болон төсвийн хөрөнгө оруулалтад хэрхэн саналаа тусгаж болох талаар мэдэж авсан.
Үүнээс хэдэн өдрийн дараа “Зууны түүчээ” ТББ-аас надтай уулзаж манай өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанарыг үнэлэх судалгааны түүвэрт санамсаргүйгээр сонгогдсон тухай хэлсэн. Ер нь хүүхдүүдийн өмнөөс эцэг эх, багш нар шийдвэр гаргах тохиолдол их байдаг.
Гэтэл намайг судалгаанд сонгосныг анх сонсоход нэг тийм “Чи чухал хүн” гэж үнэлж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Мөн өмнө нь “МЭДЭХ ЭРХ-2023” өдөрлөгөөр төрийн байгууллагын шийдвэр гаргалтанд иргэдийн санал нөлөөлөх боломжтой гэдгийг ойлгож авсан байсан болохоор мэдлэгээ бодит зүйл болгох боломж гарсанд сэтгэл хангалуун байсан.
Мөн энэ судалгаанд оролцож байх үедээ өрхийн эрүүл мэндийн төв дээр хуваарийн дагуу очиж урьдчилан сэргийлэх үзлэгт орж, эрүүл мэндээ хянуулан цаашлаад бидэнд зориулж ямар ямар үйлчилгээ тусламж үзүүлэх боломжтой байдаг талаар илүү сайн мэдэх хэрэгтэйгээ ойлгосон. Бас ингэж судалгаанд оролцож байгаа нь “аав ээжийн минь төлсөн татвар илүү хэрэгтэй зүйлд зарцуулагдахад нөлөөлж, тусалж байгаа явдал юм” гэж судлаач эгчийн тайлбарлаж хэлснээс ойлгосон.
Эдгээр ойлгосон зүйлстээ тулгуурлан иргэний боловсрол хичээлийн цаг дээр иргэдийн оролцоо, төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгч үнэлж болдог талаар мэдээллийг ангийнхандаа өгсөн.
Би энэ жил ахлах сургуулиа төгсөөд эрхзүйч мэргэжлээр суралцахаар зорьж байгаа. Цаашид Монгол улсын иргэний хувьд өөрсдийн амьдралд нөлөөлөх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний талаар сошиал орчинд үр дүнгүй бичиж бухимдахаас илүүтэй, төрөөс бий болгосон арга замуудыг хэрэглэж шийдвэр гаргагчдад зөв шийдвэр гаргахад нь бодит хувь нэмэр, оролцоогоо нэмэгдүүлцгээе гэж үе тэнгийн найзууддаа, ах эгч нартаа уриалмаар байна.
Швейцарийн хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын олон улсын түншлэлийн санхүүжилттэйгээр Дэлхийн Банкны удирдлага дор ДЗМОУБ-ын хэрэгжүүлсэн “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан өдөрлөгт оролцсон Б.Балжиннямын сэтгэгдлээс хуваалцлаа.