100 ажлын байр - 100 гэр бүл
"Дэлхийд чанараараа танигдсан Монгол ноолуурыг бид боловсруулдаг" уриатай "Ханбогд кашимер" ХХК-тай хамтран ажиллахаар нэг жилийн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

100 ажлын байр - 100 гэр бүл
2017 онд ДЗМОУБ-аас эхлүүлсэн "Монголчууд Монголчууддаа" туслах санаачлагын хүрээнд олон компани, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бидэнтэй хамтран Монгол хүүхдүүдийн сайн сайхан ирээдүйн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа билээ.
Энэ удаад бид "Дэлхийд чанараараа танигдсан Монгол ноолуурыг бид боловсруулдаг" уриатай Ханбогд кашимер ХХК-тай хамтран ажиллахаар нэг жилийн Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр буюу 2019 оны 3-р сарын 18-нд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд тус компани Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хөгжлийн хөтөлбөрийн зорилтот гэр бүлүүдээс 18-40 насны 100 хүнийг ноос угаах, самнахад үнэ төлбөргүй сурган, үйлдвэртээ цалинтай дадлага хийлгэж ажлын байртай болгохоор боллоо.
"Бид нийгмийн хариуцлагыг нэн тэргүүнд тавьж ажилладаг. Үүний нэг илрэл нь манай нийт ажилтны 60-70% нь хөдөө орон нутгаас нүүж ирсэн, өөрийн гэсэн гэр оронгүй, өрх толгойлсон зэрэг амьжиргааны хүнд нөхцөлд орсон иргэд байдаг. Өнөөдөр эхлүүлж буй бидний хамтын ажиллагаа улам өргөжиж цаашид амжилттай үргэлжлэх болно." хэмээн "Ханбогд кашимер" ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг ёслолын үйл ажиллагааны үеэр хэлсэн.

Уг санамж бичигт мөн Хэнтийн Өмнөдэлгэр сум, Баянхонгор аймгийн Богд суманд мал усалгааны сав байршуулах, худаг гаргах, мод тарих, ДЗМОУБ-аас "Ханбогд кашимер"-ийн ажилтан, албан хаагчдад "Гэр бүлийн баяр хөөр", хувь хүний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой "Дундын хадгаламжийн бүлэг" зэрэг сургалтуудыг жилд 3-4 удаа зохион байгуулах тухай ч багтсан байгаа.
"Аливаа байгууллагуудын хамтын ажиллагаа нийгэмд илүү том өөрчлөлтийг авч ирдэг гэж боддог. Манай хоёр байгууллага өнгөрсөн 20 гаруй жил өөр өөрийн салбартаа тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй хүмүүсийг дэмжин ажиллаж ирсэн бол хамтран ажилласнаар бидний цаашдын үйл ажиллагаа улам үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна." хэмээн ДЗМОУБ-ын Суурин төлөөлөгч Филип Ийвэрт хаалтын үгэндээ дурьдсан юм.
