Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Амлая” нөлөөллийн аян амжилттай хэрэгжиж байна
Энэхүү аян нь Европын Холбооны санхүүжилттэй "Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсооё" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Улаанбаатар, 2021 оны 06-р сар: Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Амлая” нөлөөллийн аян амжилттай хэрэгжиж байна.
Энэхүү “Амлая” аян нь бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх арга зүйд сургах, зөв хандлага ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Европын Холбоо болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ, Хөөрхөн Зүрх ТББ-ын хэрэгжүүлж буй “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийн хүрээнд уг аян нь дөрвөн сарын хугацаанд амжилттай хэрэгжиж байна.
“Амлая” нөлөөллийн аян нь нийгэмд эерэг уриалгыг түгээн эцэг, эхчүүд асран хамгаалагчдыг хүүхдээ хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах дадалд чиглүүлэх зорилготой. Тус аян нь amlay фэйсбүүк болон bi.amlay/ инстаграм хуудсууд болон Боловсрол, Ийгл телевизүүдээр дамжуулан үндсэн мэдээллүүдээ олон нийтэд хүргэж байгаа бөгөөд чөлөөт уран бүтээлчид, энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд өөрсдийн санаачилгаараа нэгдэн хувь нэмрээ оруулж байна.
Төслийн санхүүжүүлэгч “Европын Холбоо”-ны Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Траян Христеа " “Амлая” аян нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгцээ шаардлагыг анхаарлын төвд гаргаж ирлээ. Хүүхдийн эрүүл, аюулгүй өсч хөгжих орчнийг бий болгох нь дан ганц эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч болон багш нарын төдийгүй хөгжлийн түншлэгч байгууллагууд, шийдвэр гаргагчид, үндэсний болон орон нутгийн түвшний удирдах байгууллагуудын ч гэсэн үүрэг юм. Хүүхдийн эрх ашиг бидний зарчим, шийдвэр, үйл ажиллагааны үндсэн гол цөм нь байх ёстой. Бидний зүгээс хүн бүрийг уг аянд нэгдэн өдөр тутам хүүхэд нэг бүрийн төлөө “хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авна гэдгээ амлахыг” уриалж байна.” гэж аяны талаар онцлон хэлсэн юм.
Мөн төслийн хамтран санхүүжүүлэгч “Швейцарын Хөгжлийн Агентлаг”-ын Хамтын ажиллагааны газрын дарга Др.Стефани Бурри “Монгол улсад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн тоо өсч, цар тахлын улмаас энэ төрлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэж, хүүхдийн эрхийн суурь зарчим зөрчигдөж байгаа нь бидний заавал анхаарал хандуулах шаардлагатай нэн тэргүүний асуудал юм. Энэхүү төслийн хүрээнд хүүхэд хамгаалал болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг чиглэлээр ажиллаж буй ИНБ-ууд нэгдэн, Амлая аянаар дамжуулан хүүхдийг бэлгийн хүчирхийлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийт болон эцэг эхчүүдийн мэдлэг ойлголтыг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулж байгаад баяртай байна.” гэж хэлэв.

Одоогийн байдлаар аяны хүрээнд ном, зөвлөмж, видео, анимейшн зэрэг нийт 15 төрлийн 132 контентийг боловсруулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан давхардсан тоогоор 2,3 сая хүнд хүрээд байна. Аяны дагагчид, эцэг эхчүүдийн дунд хийсэн судалгаанаас харахад нийт эцэг эхчүүдийн 54 хувь нь хүүхдээ хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн хамгаалах талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн байна. Цаашид өсвөр насны хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд зориулсан контентуудаа үргэлжлүүлэн түгээхээр төлөвлөж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2020 оны 12 сарын байдлаар 248 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Мөн Улсын Ерөнхий Прокурорын газраас гаргасан судалгаанаас үзэхэд 1990 оноос хойш Монгол Улсад жилд дунджаар 357 хүн буюу өдөрт НЭГ хүн бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэжээ. Мөн уг тайланд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь удаан хугацааны туршид далд хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд илрүүлэхэд хэцүү, дахин давтагдах эрсдэл өндөртэй болохыг тэмдэглэжээ. Тиймээс хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд зөв ойлголт, хандлагыг төлөвшүүлэх ихээхэн хэрэгцээ шаардлага байгаа юм.
Төслийн талаар мэдээлэл
Европын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй Дэлхийн Зөн Монгол ОУБ, “Хөөрхөн Зүрх” ТББ хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2020 оны 01-р сараас хойш хэрэгжиж байна.