Дэлхийн Зөн Монгол ОУБ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2023-2024 онд зудад нэрвэгдсэн нийт 5 аймгийн 33 сумдын 2000 малчин өрхүүдэд яаралтай тусламж хүргэх “Зудын үеийн яаралтай тусламж II” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд малчин өрх тус бүрд  320 кг тэжээл, эрүүл ахуйн багцыг өнгөрсөн 3-5-р саруудад хүргэсэн. 

Харин 8-р сард төслийн баг тусламжийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, цаашид үйл ажиллагааны чанарыг сайжруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах зорилгоор Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Ховд аймгуудын 24 сумдын 117 малчин өрхөөс тусламжийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг авлаа. 

Судалгааны үр дүнгээс өрхүүдэд олгосон тэжээлийг 21-ээс дээш хоног, ахуйн багцыг 30-аас дээш хоног ашигласныг харж болох бөгөөд үүнээс яаралтай тусламж нь хэмжээний хувьд өрхүүдэд бодитой тусламж болж чадахуйц байсан гэж дүгнэсэн байна. 

Мөн тусламжийг цаг үеэ олсон, малын хорогдлыг бууруулах хүчин зүйл болж чадсан гэж дийлэнх малчид үзсэн байна. Харин тусламжийг 11-12 сард буюу малын тамир тэнхээ муудахаас өмнө хүргэвэл илүү үр дүнтэй байж болох байсан талаар зарим малчид зөвлөлөө.  

Тусламж тараалтын үеэр малчдад гамшгийн тухай ойлголт, сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх, хүйсийн эрх тэгш байдлын тухай сургалтыг явуулсан бөгөөд цаашид энэ талын мэдээллийг илүү хүртээмжтэй, тогтмол хүргэж байхыг малчид маань хүслээ. 

Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хараат бус судалгааны хүрээлэнтэй хамтран “Зудын үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд 2022-2023 онд өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын дунд “Зудын үеийн жендерт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ”-г хийсэн юм. Тус үнэлгээний үр дүнд үндэслэн гамшгийн үеийн жендерт суурилсан хүчирхийллийн чиглэлээр хамтарсан баг болон малчин өрхийн гишүүдийг чадавхжуулах сургалтын модулийг боловсруулж байна.