Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготойгоор Дэлхийн Зөн Германы санхүүжилтээр хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант суманд эх, хүүхдийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулж, өрхийн эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг бий болгож, мөн эрүүл мэндийн салбар дахь орон нутгийн оролцоог нэмэгдүүлж байна. Төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ орон нутаг дахь мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн сайн дурынхантай хамтран хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд эмч, эрүүл мэндийн ажилтнуудын эх, хүүхдийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, хяналт тавих ур чадварыг дээшлүүлэхэд зориулсан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн 5-9 аргачлал”-ын гарын авлагыг боловсруулж, тус аргачлалд 20 сургагч багшийг бэлтгэснээр бусад эрүүл мэндийн ажилтнууддаа мэдлэг, туршлагаа хуваалцан, эрүүл мэндийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр байна. 

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг сонгон ажиллуулснаар тэд 5 хүртэлх насны хүүхдүүдийг гэрээр нь эргэж, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжил, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хоол тэжээлийн талаар мэдлэг олгох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.   

Энэхүү төсөл 2024 оны 4 сарын 1 – 2027 оны 3 сарын 30-ны хооронд хэрэгжих юм. 

Санхүүжүүлэгч: Дэлхийн Зөн Герман