Дэлхийн жорлонгийн өдрөөр эхлүүлсэн "Жорлонгийн амар тайван орчин" үндэсний аян өргөжин тэлж, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, эрүүл ахуйн ач холбогдлыг олон нийтэд таниулах ажил идэвхтэй үргэлжилж байна.
Энэхүү аяны хүрээнд оюутан, сурагчид ариун цэврийн асуудлыг өөрсдөө тодорхойлж, шинийг санаачилсан төслүүдийг боловсруулан, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахын төлөө хичээн ажиллаж байна.
Мөн аяны нөлөөллийн хүрээ үндэсний түвшинд өргөжиж, төрийн болон олон улсын байгууллагууд аяныг дэмжихээ илэрхийллээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын жорлонгийн холбоо, өрх, сургуулиуд болон нийтийн байгууламжууд ариун цэврийн нөхцлийг сайжруулахын ач холбогдлыг онцолж, бодлогын өөрчлөлт хийх шаардлагатайг мэдэгдэв.
Аяны хүрээнд НЭМҮТ, WASH Action NGO, Дэлхийн Зөн Монгол ОУБ зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан сургалт, семинарууд нь орчин үеийн ариун цэврийн технологи, сарын тэмдгийн эрүүл ахуй, уламжлалт нүхэн жорлонгийн сөрөг нөлөө зэрэг сэдвийг хөндөж, нотолгоонд суурилсан сурвалжлага бэлтгэх, төсөл бичих, олон нийтийн нөлөөллийн үйл ажиллагааны аргачлал зэрэг оролцогчдод хэрэгтэй мэдлэг олгож байна. Эдгээр арга хэмжээ нь залуусын санаачлагыг дэмжиж, жорлонгийн шинэчлэлийн хөдөлгөөнийг улам идэвхжүүлэх, цаашлаад тогтвортой шийдэл боловсруулахад чиглэж байгаа юм.
Аян өргөжихийн хэрээр цахим орчинд #ЖорлонболАмарТайванОрчин хөдөлгөөн идэвхжиж, оюутан, залуус өөрсдийн санал бодлоо хуваалцан, ариун цэврийн асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.