"Оролцоот эпидемиологийн аргачлалыг нутагшуулах" үндэсний хэмжээний онлайн уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Энэхүү үндэсний хэмжээний уулзалтыг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.

Улаанбаатар хот, 2021 оны 04-р сарын 08-ны өдөр: Дэлхийн Зөн ОУБ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА) -ын санхүүжилтээр Хүнс Хөдөө Аж ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамтай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн үндсэн зорилтуудын нэг нь оролцооны аргаар малын халдварт өвчнийг илрүүлэх, хянах, тандан судлахад орон нутгийг чадваржуулан малчдын амьжиргааг хамгаалах замаар гамшгийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх юм.
Энэ хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ Мал эмнэлгийн ерөнхий газартай малын халдварт өвчнийг оролцооны аргаар илрүүлэх, тандан судлах чиглэлээр орон нутгийн малын эмч болон мал эмнэлгийн нэгжийг чадавхжуулах, малчдын гамшгийг даван туулах чадавхийг нэмэгдүүлж амьжиргааг нь хамгаалах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхэд зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулав. Мөн төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах үүднээс “Оролцоот эпидемиологийн аргачлалыг Монгол Улсад нутагшуулах нь” уулзалт хэлэлцүүлгийг үндэсний хэмжээнд цахимаар амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж МЭЕГ-ын дарга Б.Ганзориг, АНУ-ын ОУХА-ын Монгол дахь захирал ахлах зөвлөх ноён Гари Роббинс болон ДЗМОУБ-ын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул нар үг хэлэв. Уг уулзалт хэлэлцүүлэгт төслийн хэрэгжилтэнд техникийн дэмжлэг үзүүлэгч Дэлхийн Зөн Америк болон АНУ-ын ОУХА-ын ХАА салбарын ахлах зөвлөх Кристин С.Жост, АНУ-ын ОУХА-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын ХХААБ, Мал эмнэлгийн хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн сургууль, Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо болон 21 аймаг нийслэлийн мал эмнэлгийн газар, сум дүүргийн тал эмнэлгийн тасаг зэрэг газрууд оролцлоо.
Энэхүү уулзалт нь малын эрүүл мэндийг хамгаалах, идэвхгүй тандан судалгааны чиглэлээр оролцоот эпидемиологийн аргачлалыг Монгол Улсад нутагшуулж тогтвортой хөгжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагааны үр дүнг хуваалцах зорилготой юм. Уулзалтын үеэр Дэлхийн Зөн ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслөөр дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулан оролцоот эпидемиологийн аргачлалыг цаашид мал эмнэлгийн салбарт хэрхэн ашиглах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Төслийн мэдээлэл
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн зорилго нь гамшгийн эрсдэлийг үе шаттай тогтвортой бууруулахын зэрэгцээ орон нутгийн түвшинд даван туулах чадавхийг бэхжүүлэх замаар мал аж ахуйн салбарт гамшгийн эрсдлийг бууруулж иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэнэ. Өмнө нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас амжилттай хэрэгжүүлж байсан төслүүд:
- “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл 2018-2020 он
- “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төсөл 2016-2018 он
- “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх” төсөл 2014-2016 он
- “Баруун аймгуудын гамшгийн менежментийн эрсдэлийг бууруулах” төсөл 2012-2014 онуудад тус тус хэрэгжүүлж байсан.